“Монголын татварын албаны удирдах ажилтны 2024 оны сургалт зөвлөгөөн” Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалтанд Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нар болон аймаг нийслэл, дүүргийн татварын газар хэлтсийн дарга нийт 48 удирдах ажилтан оролцож байгаа юм.
ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн сургалт, зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ зөвлөгөөнөөр ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа хэлэлцэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлон, гүйцэтгэлээ дүгнэж буй нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, орлого бүрдүүлэлтэд онцгой ач холбогдолтой болох талаар болон албадын дарга нарын манлайлал, татвар төлөгчийн үнэ цэнийг бодитоор үнэлэх, нийгмийн зүгээс татварын талаарх хүлээлт өөрчлөгдөж байгаа асуудал, түүний шийдлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Улсын их хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан сургалт зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсээд, хэлсэн үгэндээ “дэлхийн эдийн засгийн шинжээчид коронавирусын тархалт нь олон улсын нийгэм эдийн засагт дэлхийн II дайнаас хойш хамгийн их хохирол учруулсан гэж дүгнэн “Great reset” буюу Их сэргэлт хийхийг уриалсан байдаг. Монгол Улсын хувьд 1990 оноос хойш хамгийн том эдийн засгийн хямрал 2020 онд цар тахлын улмаас бий болж, эдийн засаг -4.6% хувьд хүрч унасан. Гэсэн хэдий ч Монгол Улсын засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг оновчтой бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр эдийн засагт сэргэлт гарч, өнгөрсөн онд эдийн засаг 7 хувиар өслөө” гэв. Мөн төсвийн орлого 2023 онд 1.3 их наяд, татварын байгууллагын төсөвт оруулсан орлого 1.5 их наяд төгрөгөөр давсан нь татварын албаны ажлын үр дүн байсныг онцлон тэмдэглэв. Татварын алба 2023 онд Монгол улсын төсвийн нийт орлогын 55 хувийг буюу 13.5 их наяд төгрөг, харин 2024 онд 17.1 их наяд буюу нэгдсэн төсвийн орлогын 61.7 хувийг төвлөрүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд татварын албаны зүгээс хууль тогтоомжийг жигд хэрэгжүүлэх, татварын бааз суурийг өргөжүүлэх зэргээр бүхий л нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажиллахыг хүслээ.
Сургалт хөгжил
Эхний өдрийн арга хэмжээнийн үеэр “Байгууллагын хөгжил, стратеги” сэдвээр Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг сургалт хийлээ. Олон улсын татварын анхаарах асуудал, Татвар төлөгчийн бүртгэл, тайлан хүлээн авалт, зөв тайлагналт, Татварын эрсдлийн үйл ажиллагаа, Хяналт шалгалт, Төсвийн орлого Татвар хураах үйл ажиллагаа, Татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Цахим татварын алба, Хүний нөөц, сургалт, Татварын албаны үйл ажиллагаа зэрэг сэдвээр ТУОУТГ-ын ОУТХ-ийн дарга Л.Мөнхтуул, ТТҮГ-ын дарга Б.Буяннэмэх, ЭУГ-ын дарга Б.Батсайхан, ТХШАЗГ-ын дарга Б.Бадамцэцэг, ТХУАЗГ-ын дарга Р.Мягмаржав, ХХХГ-ын дарга Д.Мөнхтамир, ТТТГ-ын дарга С.Төгсжаргал, МТТ-ийн дарга Б.Алтанхуяг, ХНСХ-ийн дарга С.Орхон, ДАХШҮГ-ын дарга Д.Сайханчулуун нар хичээл зааж цаашид анхаарах асуудлаар санал солилцов.
Сургалтын 2 дахь өдөр “Монголын татварын албаны одоогийн тулгамдаж буй асуудал ба шийдэл” сэдвээр ТЕГ-ыг дарга Ч.Чимидсүрэн сургалтыг удирдах бол аймаг, нийслэл дүүргийн татварын газар хэлтсийн дарга нар Татварын өр барагдуулалтын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн татварын албаны 2024 онд онцлох ажлуудын талаар илтгэл, хэлэлцүүлэг, багийн ажил хийгдэх юм.