Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-аар зохицуулдаг. 

2000 оноос хойш хүчин төгөлдөр хэрэгжиж буй тус хуульд 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд “Иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр” заажээ. Өмнө нь тус хуулиар амьдран суух зориулттай бүх төрлийн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлж байсан. Харин энэхүү нэмэлт, өөрчлөлтийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гурав болон түүнээс дээш орон сууцад өнгөрсөн оны 1-нээс  татвар ногдуулж эхэлсэн юм. Олон нийтийн дунд хашаа байшинд нь татвар ногдуулах болсон гэж бухимдах тохиолдол түгээмэл байгаа билээ. 

Ийнхүү тус хуулийн хэрэгжилт болон холбогдох асуудлаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалтай ярилцлаа.

“ТАТВАР ТӨЛӨГЧ НЬ АЛЬ ОРОН СУУЦАА ТАТВАРААС ЧӨЛӨӨЛҮҮЛЖ, АЛЬ ДЭЭР НЬ ТАТВАР ТӨЛӨХӨӨ ӨӨРӨӨ СОНГОХ БОЛОМЖТОЙ”

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу гурав болон түүнээс дээш орон сууцтай бол татвар ногдуулахаар болсон?

-Үндсэндээ бид орлого, хөрөнгө, хэрэглээнд татвар ногдуулдаг. Аливаа иргэн, хуулийн этгээд ямар нэгэн хөрөнгө өмчилж байгаа бол татвар төлөх ёстой. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ 2021 оны долоодугаар сарын 07-нд шинэчлэн баталсан. Хотын хэмжээнд түгжрэл, агаарын бохирдлыг шийдэх үүднээс орон сууцжуулах нь урт хугацааны хамгийн том зорилт болоод байна. Судалгаагаар манай улсад 71 орон сууцыг нэг иргэн өмчилж байна гэсэн тооцоолол гарсан. Нэг айлын хувьд орон сууц, зуслангийн байшинтай байхад хэрэглээнд нь хангалттай гэж үзсэн. Харин гурав дахь орон сууцнаас нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар авъя гэсэн агуулга тус хуулийг дагаж Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.

Манай улсад гурав болон түүнээс дээш орон сууцтай 12.896 татвар төлөгч байна. Татвар төлөгчид иргэн, аж ахуй нэгж хамаарна. Тус татвар төлөгчид 50.798 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байна. Дээрх орон сууцнуудаас 25 мянга орчим нь буюу хоёр орон сууцтай иргэн, хуулийн этгээд татвараас чөлөөлөгдөнө. Үлдэж буй 24 мянган орон сууцанд татвар ногдоно. 

Татвар төлөгч нь аль орон сууцаа татвараас чөлөөлүүлж, аль дээр нь татвар төлөхөө өөрөө сонгох боломжийг олгосон. Жишээ нь, гурван орон сууцтай иргэн байлаа гэж бодоход аль орон сууц дээрээ хөнгөлөлт эдлэхээ өөрөө сонгох боломжтой гэдгийг мессежээр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хотын төвийн байр эсвэл хотын захын байшиндаа татвар ногдуулах  нь хувь хүний сонголт.  Мөн бусдад гурав дахь үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэх замаар татвараас чөлөөлөгдөх боломжийг олгосон. Жишээлбэл, нөхөр дээр нь гурван орон сууц байвал, эхнэр рүүгээ шилжүүлэх замаар үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх боломжтой. Энэ зөвлөгөөг татвар төлөгчдөд тус бүрчлэн явуулсан. Зөвлөгөө явуулахаас өмнө гурав болон түүнээс дээш орон сууцтай хүмүүсийн тоо нэлээн их гарч байсан. Бидний өгсөн мэдээллийн ачаар энэ тоо багассаар өмнө нь дурдсан хэмжээнд хүрсэн юм. Өнөөдрийн нэрлээд буй хоёроос дээш орон сууцтай иргэн, хуулийн этгээд гурав дахь орон сууцнаасаа эхэлж татвар төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 24 мянган орон сууц дээр 16.7 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэхээр байна. Энэ онд иргэд, аж ахуй нэгжүүдээс асуумж авч, дахин боломж олгоно. Магадгүй энэ хугацаанд тухайн хүн шилжсэн, орон сууцаа худалдсан байж болно. Үүнийг бүртгэх замаар татвараас чөлөөлнө. 

“ГУРАВ БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ОРОН СУУЦТАЙ ИРГЭН, ААН-ЭЭС 16.7 ТЭРБУМ ТӨГРӨГ БҮРДҮҮЛНЭ” 

-Үл хөдлөх хөрөнгөд зогсоолыг тооцдог шүү дээ? 

-Тэр бол тусдаа асуудал. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байр, оффис, гарааш, агуулах дээр гардаг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг даган орж ирсэн асуудал нь хоёроос дээш орон сууцтай бол татвар ногдуулна гэсэн нөхцөл юм.  Хуучин амьдран суух зориулттай бүх орон сууц татвараас чөлөөлөгддөг байсан. Энэ удаа гурав дахь орон сууцанд татвар ногдуулж буй. Харин оффис, гарааш, агуулах огт чөлөөлөгдөөгүй татвар юм. Гараашны татварын төлөгдөлт хангалтгүй хэмжээнд байдаг. Үүнийг цааш нь эрчимжүүлэх асуудал холбогдох албадуудад чиглэл өгөн ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгийн албан татвараар жилдээ 170 орчим тэрбум төгрөгийн орлого цугларах тооцоолол бий. Үүний 16.7 тэрбум төгрөг нь гурваас дээш орон сууцтай иргэдийн төлөх татвар юм. 

-Татварын хувь хэмжээг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар татварын хувь хэмжээг 0.6-2 хувь байна гэж заасан байдаг. Энэхүү хувь хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоох эрхтэй. Улаанбаатар хотын хувьд захын дүүргүүдэд 0.6 хувь бол хотын төвд нэг хувьтай байдаг. 

-Одоогийн байдлаар хэчнээн иргэн, аж ахуй нэгж гурав болон түүнээс дээш орон сууцны татвараа төлсөн бэ? 

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор нэг удаа төлнө. Хоёрдугаар 15-нд Хувь хүний орлогын албан татварын тайланд иргэн ямар ямар татвар төлсөн гэдгээ мэдүүлэх учир тухайн үед хариу гарна. Иргэдийн хувьд татвараа ихэвчлэн төлөөд явдаг бол аж ахуй нэгжүүдэд татварын өр үүсэх нь цөөнгүй.