Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ийн Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх (BEPS)-ийн эсрэг байгууллагын 14 дэх чуулга уулзалтын үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д гарын үсэг зурж, тус конвенцын 100 дахь гишүүнээр нэгдэн орлоо.

Сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан корпорацуудын татвараас зайлсхийх арга хэлбэр явдал улам бүр боловсронгуй болж байгаатай холбогдуулан давхар татварын гэрээг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх явдалтай тэмцэх, улс орнуудын татварын суурийг хамгаалах зорилгоор Их долоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага уг олон талт конвенцыг 2017 онд санаачилсан билээ.

Манай улсын хувьд 1991-2007 оны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 26 улс оронтой Давхар татварын гэрээг байгуулсан. Гэвч эдгээр хоёр талд давхар гэрээнүүдэд татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх олон улсын орчин үеийн дүрэм журмууд тусгагдаагүйн улмаас үндэстэн дамнасан корпорацууд Монгол Улсын татвараас зугтаах, зайлсхийх, татварын суурийг багасгах эрсдэл улам бүр нэмэгдэж байгаа тул Монгол Улс энэхүү конвенцод нэгдэн орж байна. Конвенцод нэгдэн орсноор бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэгэн зэрэг татвараас зайлсхийхийн эсрэг орчин үеийн дүрмийг нэвтрүүлж давхар татварын гэрээний хийдлийг арилгах, харилцан тохиролцох үйл ажиллагааг боловсронгуй болгох боломж бүрдэн дотоодын татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой юм.